Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авах ажлын хүрээнд Улаанбаатар хотын дүүрэг, хороодын удирдлагууд холбогдох албан хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журамын дагуу, хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд засаг захиргааны анхан шатны нэгж болох дүүрэг хороодыг оролцуулах, ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал авах ажлыг зохион байгуулах, оновчтой саналыг төсөлд тусгуулах зорилгоор Улаанбаатар хотын 8 дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар, холбогдох албан хаагчдад ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулах ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны хооронд зохион байгууллаа.  

 

 

Огноо

Дүүрэг

2021.09.27

Баянзүрх

2021.09.28

Чингэлтэй

2021.09.28

Сүхбаатар

2021.09.29

Хан-Уул

2021.09.29

Баянгол

2021.10.01

Багануур

2021.10.01

Налайх

2021.10.01

Багахангай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танилцуулгын үеэр дүүргүүдээс дараах саналуудыг гаргасан байна.

Чингэлтэй дүүрэг:

·         Чингэлтэй дүүргийн 2050 он хүртэлх алсын хараа, хөтөлбөрийг боловсруулж байна түүнд тусгагдсан томоохон зорилтуудыг ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах.

·         Цаашид гэр хорооллын хөгжлийг хэрхэн төлөвлөж байгаа, дахин төлөвлөлт хийж байгаа аж ахуй нэгж байгууллага болон иргэд хоорондын уялдааг хангаж өгөх.

·         Шинээр баригдах барилга, байгууламжийг дан ганц барилгаар бус орон сууцны хороолол хэлбэрээр барилгажуулах.

 

Сүхбаатар дүүрэг:

·         Нягтрал ихтэй барилгажсан хэсэгт нэмж газар олголт хийх, барилгын зөвшөөрөл олгохгүй байх

·         100 айл орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлэх

·         Үерийн эрсдэлтэй бүсэд хамрагдаж байгаа айл өрхийг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шийдэл гаргах

·         Төлөвлөлт зөрчиж биш төлөвлөлтийн дагуу газар олгодог системийг нэвтрүүлэх

·         Ерөнхий төлөвлөгөөнд хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх

·         Шинээр баригдах барилга, байгууламжийг дан ганц барилгаар бус орон сууцны хороолол хэлбэрээр барилгажуулах.

 

Хан-Уул дүүрэг:

·         Хотын нэгдсэн стандартыг нэвтрүүлэх

·         Туул-Шувуу, Био-комбинат, Өлзийт орчмын бүс нутгийг эрчимжсэн аж ахуйн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх

·         Үерийн усны эрсдэлээс хамгаалах далан суваг, ус зайлуулах хоолойг төлөвлөж өгөх

·         Цахим дүүрэг болох зорилтыг дэвшүүлж байгаа, үүнийг төлөвлөлтөд тусгах.

 

Баянгол дүүрэг:

·         Барилга барих үйл ажиллагаанд засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны саналыг авдаг байх;

·         Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хянадаг, төлөвлөлтийн дагуу хот байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг тогтолцоог бүрдүүлэх;

·         Шинээр баригдах барилга, байгууламжийг дан ганц барилгаар бус орон сууцны хороолол хэлбэрээр барилгажуулах;

·      Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхдээ хүн амын нягтралыг хэтрүүлэхгүй байх, хэт өндөр давхрын барилга барьж тухайн газар орчмын өнгө төрхийг   алдагдуулахгүй байх;

·         Барилга угсралтын ажил нь олон жилийн турш удаан хугацаагаар зогссон барилгыг цаашид хэрхэх талаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд шийдэл тусгаж өгөх.

 

Алслагдсан дүүрэг болох Багануур дүүргийн хувьд уул уурхайн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл технологийн парк, цахилгааны шинэ эх үүсвэр, төрөлжсөн агуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байр шинээр бий болгон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан.

Тус дүүргээс дараах саналуудыг гаргасан:

·         Иргэдийн дундаж орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг илүү нэмэгдүүлэх.

·         Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбох асуудлыг тусгах.

·         Цэвэрлэх байгууламжийн асуудлыг тодорхой зааж өгөх.

 

 Налайх дүүргийн хувьд  аялал жуулчлал, барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, тээвэр логистик, төрөлжсөн агуулахын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байр шинээр бий болгон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар     хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан.

 Тус дүүргээс дараах саналуудыг гаргасан:

·         Улаанбаатар-Налайх-Тэрэлж чиглэлийн аялал жуулчлалын коридорыг бий болгох.

·         Өсөн нэмэгдэх хүн ам, бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

·         Таунхаус хорооллыг бий болгож нүхэн жорлонг арилгах.

·         Саарал усыг дахин ашиглах системийг бий болгох.

·         Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг шинээр төлөвлөх.

·         Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх.

·         Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх асуудлыг тусгаж өгөх

·         Хуучин байсан төмөр замыг зорчигч тээвэрт дахин ашиглах

·         Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгож байгаа газар олголтыг хэрхэн шийдэх талаар төлөвлөх

·         Налайх дүүрэгт зүүн бүсийн авто вокзалыг төлөвлөх

·         Суурьшлын бүстэй хил залгаа орших оршуулгын газрыг цаашид хэрхэх талаар төлөвлөх

 

Багахангай дүүргийг батлан хамгаалах үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл технологийн парк, төрөлжсөн агуулахын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байр шинээр бий болгон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан.

Тус дүүргээс дараах саналуудыг гаргасан:

·         Томоохон үйлдвэр, Их дээд сургуулийг хотын төвөөс гаргах шийдэл гаргаж байгаатай холбогдуулан Багахангай дүүрэгт Хөдөө аж ахуй, Батлан хамгаалах чиглэлийн зарим сургуулиудыг төлөвлөж өгөх.

·         Цахимаар олгосон газар олголтыг дэд бүтцээр хангах боломжийг төлөвлөж өгөх.

·         Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх.

·         Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний уялдааг хангах.

·         Тэсрэх аюултай бодисын агуулах, аюултай хог хаягдлыг тус дүүрэгт төлөвлөхгүй байх.

·         Шинээр бий болох үйлдвэр, бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

·         Багахангай дүүргийн хилийн цэсийг нэмэгдүүлэх асуудлыг тусгаж өгөх.























dizzcox-cms