Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулга хийв.
Улаанбаатар хотыг 2040 он гэхэд суурьшил, үйлдвэр, ногоон байгууламж,
тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн
дэд бүтцийн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд хотын
нутаг дэвсгэрт олон нийт, орон сууц, нийгмийн үйлчилгээний барилга,
байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гудамж, зам, талбайг байгуулж,
хуучныг шинэчлэн сайжруулах чиглэлээр ерөнхий төлөвлөгөөнд тусгах талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол маш чухал төсөл. Хүн амын нягтаршил, суурьшилтай холбоотой бодлогын бичиг баримтыг холбогдох агентлагууд хамтран нэгтгэх шаардлагатай. Цаашид нийслэлийн удирдлагын баг, хамт олон Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй, иргэн төвтэй, алсыг харсан, ногоон байгууламж ихтэй, олон улсын түвшинд хүрсэн дижитал хот болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана” хэмээв. Тус төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулан, НИТХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.